ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
Бороо Гоулд компани нь өөрийн ажилтнууд, гэрээ гүйцэтгэгчид болон хүн амын эрүүл мэндийг хамгаалж, аюулгүй ажиллагааг хангах нь тус компанийн оршин тогтнол, хөгжил дэвшилд зайлшгүй чухал ач холбогдолтой гэж үздэг билээ.
Компани нь хайгуул, олборлолт, татан буулгалт зэрэг бүхий л үйл ажиллагаагаа хариуцлагатай хэрэгжүүлж, өөрийн ажилтнууд, гэрээт гүйцэтгэгчид, зочид болон хүн амд аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.
Эмнэлгийн тусламж үйлчилгээ
Компани уурхайн талбайдаа анхны тусламжийн цэгтэй бөгөөд тус цэгээр компанийн ажилтнууд, гадаад мэргэжилтнүүд болон гэрээт гүйцэтгэгч нар үйлчлүүлж, шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө авдаг.
Анхны тусламжийн цэгт нэг гадаад эмч, нэг монгол эмч өглөө 7 цагаас орой 7 цаг хүртэл жилийн 365 хоногийн турш өдөр бүр ажилладаг. Орой 7 цагаас өглөө 7 цагийн хооронд гэнэтийн осол гарсан эсвэл яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд хоёр эмч дуудлагаар ажилладаг.
Анхны тусламжийн цэгийн ажилтнууд нь ажиллагсдын амин үзүүлэлтүүдийг идэвхтэй хянах, гар угаах, нуруу хамгаалах, анхны тусламж гэх мэт кампанит ажлуудыг хэрэгжүүлэх замаар эрүүл мэнд, эрүүл ахуйг сайжруулахын төлөө ажиллахын зэрэгцээ уурхайн хотхоны гал тогоо, бие засах газар, шүршүүр зэрэг байгууламжуудын эрүүл ахуйн нөхцөлийг тогтмол шалгаж үзлэг хийдэг.