ОЛОН НИЙТ
Бороо Гоулд ХХК компани нийгмийн хариуцлагын хүрээнд аймаг орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжин ажиллаж ирлээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсад оруулсан нийт үр өгөөж нь 1.2 их наяд төгрөг. Үүнээс 11.4 тэрбум нь орон нутагт оруулсан хөрөнгө оруулалт юм. Сум орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдэд зориулан Мандал суманд 4.5 тэрбум төгрөг, Баянгол суманд 4.1 тэрбум төгрөг, Сэлэнгэ аймагт 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус оруулжээ.
Баянгол суманд
Бороо Гоулд ХХК Сэлэнгэ аймгийн Баянгол сумтай хамтын ажиллагааны гэрээг 2019 оны 5-р сарын 7 нд байгуулав. Гэрээний хүрээнд тус компани сумын дэд бүтцийг хөгжүүлэх, нийгмийн суурь үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор жил бүр санхүүжилт олгоно.
Хамтын ажиллагааны гэрээ таван жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд жил бүр хөрөнгө оруулалтанд 40 сая төгрөг, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах үүднээс 60 хүртэлх сая төгрөг, нийт 100 сая төгрөгийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Мандал суманд
Бороо Гоулд ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сумтай хамтын ажиллагааны гэрээг анх 2018 оны 7-р сарын 4-нд байгуулсан. Хоёр дахь гэрээг 2019 оы 3-р сард байгуулсан бөгөөд нийт таван жилийн хугацаанд хэрэгжих юм. Энэ гэрээ нь цаашид талуудын баримтлах зарчим, нөхцлийг тодорхойлсон баримт бичиг байх бөгөөд тус компани сумын дэд бүтцийг хөгжүүлэх, нийгмийн суурь үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор жил бүр 100 сая төгрөгийн санхүүжилт олгохоор тусган оруулжээ.
Анхны хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тус компани Мандал сумын доторх Зүүнхараа политехник коллежийн уулзвараас хойш Засаг Даргын Тамгын Газар хүртэлх хатуу хучилттай замын ажилд хөрөнгө оруулалт хийв.